
Ховд аймгийн боловсрол, соёл урлагийн газар онлайн сургалтын цахим кампустай боллоо.
Энэхүү ажлын бэлтгэлийг 2017 оны 11 дүгээр сард эхлүүлж боловсролын газрын мэргэжилтнүүдэд цахим сүлжээ, google багцийг ашиглах хэрэглэх чиглэлээр 4 өдрийн сургалтыг зохион байгуулсан.
Мөн esurgaltkhovd.edu.mn домайн нэрийг Эрдэмнэт сүлжээнээс, сервэрийг Ай Түүлс ХК-аас тус тус түрээслэн авч moodle системийг суурилуулан тохиргоог хийж сургалт эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэний үндсэн дээр "Онлайн сургалтыг зохион байгуулах арга зүй" сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын цахим сургалтын албаны дарга И.Батхүү, арга зүйч Б.Цогбадрах нар удирдан зохион байгууллаа. Тус сургалтад мэдээллийн технологийн багш 24, БСУГ-ын дарга мэргэжилтэн 13 нийт 37 хүн хамрагдаж moodle системийг ашиглан онлайн сургалтын агуулга хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, үнэлгээний арга зүй, контентийг удирдах зэрэг арга зүйг суралцлаа.
Тус сургалтыг зохион байгуулснаар Ховд аймагт төдийгүй Монгол улсад цахим орчинд онлайн сургалтаар дамжуулан багшийн мэдлэг боловсрол, ур чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Сургалтыг онол дадлага хослуулан сургагч багш нарын хийх ёстой зааварчилгааны дизайн, сургалтын агуулга хөгжүүлэлтийн алхам бүрийг туршин хийж гүйцэтгэсэн нь үр дүнтэй байлаа. Сургалтын хугацаанд сургалтад оролцогчид идэвхтэй байж хичээл таслах, хоцрох тохиолдол гараагүй болно.
Түүнчлэн хөдөөгийн сумдад moodle системийг дотоод сүлжээний орчинд ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн нь мэдээллийн технологийн багш нарт цаашид сурч, судлах, хэрэглэх өргөн боломжийг бүрдүүлж өглөө.
Энэхүү сургалтын үр дүнд ирэх хичээлийн жилүүдэд Ховд аймгийн багш нар онлайн сургалтаар хөгжих боломж бүрдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
