Сургалтын цахим хэрэглэгдэхүүН, видео зохиомж шалгаруулах уралдаан АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр 2018-2022 хүртэл хэрэгжих “Суурь боловсролын сургалтын чанарыг сайжруулахад мэдээлэл харилцааны технологийг ашиглах нь” төслийн хүрээнд 5 бүсэд 75 сургагч багшийг чадавхжуулж, сургагч багшаар бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулиудын суурь боловсролын багш нарт сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж багш нар маань сургалтын хэрэглэгдэхүүн олныг боловсруулан хэрэгжүүлж уралдаанд амжилттай оролцлоо.
Мэдээлэл харилцааны технологи ашиглан багшлах, суралцах үйлийг дэмжсэн сургалтын цахим хэрэглэгдэхүүн, видео хичээл боловсруулж суурь боловсролын сургалтын чанарыг ахиулж буй багш нарын баг, хамт олныг шалгаруулах, цаашид төслийн санхүүжилтээр дэмжих, зөвлөн туслах зорилгоор уралдааныг 2019 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 25-ныг хүртэл зарлан зохион байгууллаа.
Уг уралдаанд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын багш нар ганцаарчлан болон сонирхлын багаар оролцож 22 видео хэрэглэгдэхүүнийг ирүүллээ.
Уг 22 цахим хичээлийг үзэж сонирхох бол энд дарж сонирхоно уу.
Цахим хэрэглэгдэхүүн, видео хичээлийг дүгнэхэд
1. Үенч сумын сургууль бүх багш нараа энэ цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад дэмжин ажилласан бөгөөд 7 зохиомжийг боловсрууулан ирүүлсэн байна.
2. Хэрэглэгдэхүүн нь тодорхой зохиомжийн дагуу найруулж, эвлүүлсэн бөгөөд зохиомж бүр багшлахуй болон суралцахуйд тодорхой санаа, зөвлөмж өгөхүйц болсон байна
3. Хэрэглэгдэхүүний зохиомжын хугацаа 3-15 минутын хугацаанд бүтээгдсэн байна.
4. Суурь боловсролын сургалтын чанарыг сайжруулахад МХТ-ийг ашиглах арга зүйг багш нар сайн эзэмшиж байгаа нь уралдаанд ирүүлсэн бүтээлээс харагдаж байна.
5. Багш нар уралдаанд хамтран баг болж бүтээл хийж ирүүлсэн нь суурь боловсролын судлагдахууны хувьд 1-3 багш нэг сургуульд ажилладаг тул бусад багш нартай баг болохоос өөр боломжгүй нь харагдаж байна. Иймд төслийн дараагийн шатанд сургууль, бүс дотроо баг болж бүтээлийг хөгжүүлэх нь илүү үр дүнд хүрэх боломжтойг харуулж байна.
Цаашид авах арга хэмжээний талаар:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжид заасан шалгуурын дагуу дүгнэж үзээд төслийн хүрээнд сонгогдсон судлагдахууны хүрээнд:
1. Математикийн судлагдахууны төрөлд – Жаргалант сумын 6 дугаар сургуулийн багш нарын “Гомотетийн чанарыг таних, хэрэглэх”
2. Физикийн судлагдахууны төрөлд – “Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн багш Ц.Барсүрэн нарын “Чийдэнгээ асаацгаая”
3. Дизайн технологийн судлагдахууны төрөлд – “Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Б.Эрдэнэчулуун нарын “Стоп моушн аргаар хүүхэлдэйн кино бүтээх”
4. Байгалын ухаан, химийн судлагдахууны төрөлд – “Цаст-Алтай сургуулийн багш М.Цэвэлмаа, Т.Оюунчулуун нарын “Хүчил суурийн шинж”
5. Байгалын ухаан, Газарзүйн судлагдахууны төрөлд “Манхан сумын сургуулийн багш Отгонбаяр нарын “Бидний аялал”
6. Мэдээллийн технологи судлагдахуунаар бүтээл ирээгүй тул Үенч сумын сургуулийн “Байтаг богдын тулгарал” бүтээлийг тус төслийн хүрээнд сайжруулан улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр шийдвэрлэлээ.
Сургуулийн хүрээнд:
- Бүх судлагдахуунаар багш нараа бэлтгэж олон хэрэглэгдэхүүн боловсруулсан Үенч сумын сургуулийн баг хамт олон
- Уг уралдаанд төслийн зорилго, зорилтот нийцээгүй ч зохиомж, утга санаа, агуулгын хувьд чанартай бүтээл болсон Насан туршийн боловсрол төвийн “Монгол цаг” бүтээлийг тус тус шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ.
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
