БИДНИЙ ТУХАЙ

 Аливаа байгууллага бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Ховд хотод анхны бага сургууль 1923 онд байгуулагдаж, Ховд аймгийн яаманд сурган гэгээрүүлэх хэлтэс 1928 онд байгуулагдсанаар Ховд аймгийн орчин цагийн боловсролын түүх эхэлжээ. Аймгийн гэгээрлийн хэлтэс нь сургууль, хөдөлмөрчин олон түмнийг бичиг үсгийн боловсролтой болгох улмаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн цаашдын бодлогыг тодорхойлж, боловсролын талаарх төрийн үйл хэргийг ард түмний дунд түгээн дэлгэрүүлж багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг боловсролыг ахиулахад анхааран ажиллаж байлаа.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 тоот тогтоолоор Улаанбаатар хот, Архангай, Ховд, Дорнод аймагт “Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет” байгуулагджээ.

Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет нь багш нарт мэргэжлийн онол арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, заах арга зүй, багшлах ажлын сурган хүмүүжүүлэх тэргүүн туршлагыг дэлгэрүүлж түгээх, орон нутагт сурган хүмүүжүүлэх судалгаа туршилтын ажил эрхлэх, сурган хүмүүжүүлэх уншлага зохион байгуулах, багш нарын хичээл заах арга барилд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургууль хамт олны ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, багш нарын тэргүүний арга барилыг шалгаруулан сурталчлах ажлыг зохион байгуулж байв.

1956 онд байгуулагдсан “Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет” нь түүхийн хугацаанд цаг үеийн хөгжлөө даган засаг төрийн шийдвэрээр 1958 онд “Сургалт заах аргын кабинет”, 1991 онд “Судалгаа арга зүйн төв”, (1992 оны 10 дугаар сарын 7-нд Ховд аймгийн Засаг даргын 02 тоот захирамж гарч аймгийн Боловсролын хэлтсийг татан буулгаад “Шинжлэх ухаан боловсролын хэлтэс”-ийг байгуулан даргаар нь Б.Хаш-Эрдэнийг томилжээ. Энэ хэлтэс байгуулагдсанаар боловсролын захиргааны удирдлага болон багш нартаа мэргэжил онол арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, заах арга зүйн байгууллага болох Судалгаа арга зүйн төв нэгдэн нэг байгууллага болсон байна. 1992 онд “Шинжлэх ухаан боловсролын хэлтэс”, 1993 онд “Боловсрол шинжлэх ухааны төв”, 1996 онд “Боловсрол төв”, 2001 онд “Боловсрол, соёлын төв”, 2003 онд “Боловсрол, соёлын газар”, 2013 онд “Боловсролын газар”, 2015 онд “Боловсрол, соёлын газар”, 2016 онд “Боловсрол, соёл, урлагийн газар” болон хөгжжээ.