ТҮҮХЭН ЗАМНАЛ

1921 онд Ардын хувьсгал ялсан нь ард түмний сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт орж, хувьсгалын үйлсэд хүчин зүтгэх чин эрмэлзэл дүүрэн байлаа. Гэсэн ч цаг үеийн байдал хүнд хэцүү хэвээр байсан.

Алс баруун хязгаар нутгийг төвхнүүлэх асуудал төрийн бодлогын төвд байсан энэ үед манай аймгийг дотоодын харгис хүчин, гадаадын цагаантан барон Унгерн хэмээх хамсаатантай сүлбэлдэж Ховд хотыг эзлэн авч улмаар Монгол орны баруун хязгаар нутгийг эрхшээлдээ авах бодлоготой байжээ.

Цаг үеийн энэхүү хүнд байдлыг тухайн үеийн хэргэм тушаалтнууд дээд хуралд өргөн мэдүүлж байсан баримт байдаг. Түүний тод жишээ бол Ховдын сайд Харлаг бэйс Аюурзана хязгаарын түр засгийн газарт очиж хэлсэн нь “Одоо Ховд хотноо Орос цагаан намын 300 цэрэг түшмэд байна. Нийслэл хүрээний газраас тэдний цэрэг түшмэдийг элдвээр тусалж, хязгаарлаж хэргийг хамт сэргийлэн баталж тохинуул хэмээн тушаасныг баримтлан журамлан дагасаар атал эдний оросын цэрэг түшмэд ямагт түрэмгийлэн хүчирхэж, элдвийг эзэрхэж өөрсдийн зоргоор явуулж бүхий өчүүхэн миний бие арга буюу дээд газрын тушаал, хоёрт хүчин сүрд дарагдаж хоосон сайдын нэр хүлээж байна” гэжээ.

Манай улсын төр засгаас баруун хязгаар нутгийн энэхүү түгшүүртэй байдалд дүгнэлт хийж уг нутгийн ард олонд төр засгийнхаа бодлогыг тайлбарлан таниулж, өргөн олон түмнээр хүрээлүүлэх, ардын хувьсгалын ялалтыг бататган бэхжүүлэх, орон нутагт ардчилсан төрийг тогтоон бататгах, эх орноо харийн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөх бодлогыг гол шугам болгон ажиллаж байв.

Ховдын хязгаар нутагт хувьсгалын ажлыг Засгийн газрын 1921 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хурлаар томилогдсон бүрэн эрхэт төлөөлөгч Хасбаатар, Дамбадорж нар гүйцэтгэж байв. Хатанбаатар Магсаржавын удирдсан цэргийн хүчээр Ховд хотыг 1921 оны 9 дүгээр сарын эхээр чөлөөлсөн нь Ардын хувьсгалын ялалт баруун хязгаарын ард түмний хувьсгалт ололтоо бататгах, төр эдийн засаг, соёл боловсролоо хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү Ховд аймаг баруун хязгаар нутагт хувьсгалт шинэ Монгол Улсын төр, захиргааны бодлогыг хэрэгжүүлэх төв болсноор түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн байна.

Ардын засгийн газрын 1922 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Ховд хотод тамга нээн, албан хэрэг шийтгэж эхэлсэн бөгөөд 7 дугаар сард төлөөний сайд, жанжин яамны зөвлөх ба цэрэг, гадаад дотоод, ерөнхий гурван хэлтэс, орчуулагчид зэрэг 30 гаруй орон тоотойгоор байгуулагдан тэдгээрээс боловсролын талаар явуулах бодлогыг хэрэгжүүлэн гүйцэтгэж байсан байна.

Төр, засгаас сургуулийг хөгжүүлэх хөдөлмөрчин олон түмний соёлын түвшинг дээшлүүлэх асуудал хувьсгалын эхний жилүүдэд улс орны хөгжлийг авч явах эхний алхам байсан бөгөөд хүнд бэрхшээлтэй энэ үеийг тууштай хэрэгжүүлж, гэгээрэл боловсролын голомтыг үүсгэн бэхжүүлэхийг чухал зорилтоо гэж үзсэн нь манай улсын хувьд хамгийн зөв сонголт байлаа.

Манай оронд 1921 оны хувьсгал ялсан нь ард түмэн, түүний үр хүүхдийг нийгэм, эдийн асгийн болон оюун санааны хувьд сурган боловсруулах ажлын их эргэлт болсон билээ. Хувьсгалын өмнөх Монгол оронд иргэний сургууль маш цөөн, тэр үеийн сургуулиуд нь ихэс дээдсийн ашиг тусад нийцсэн сургуулиуд байсан бөгөөд хүүхэд багачууд, хөдөлмөрчин олон түмнийг гэгээрүүлэх бодлого огтхон ч тавиагүй байв. Тус аймаг нь орон нутгийн хүнд хэцүү нөхцөлд сургууль, боловсролын байгууллагыг хөгжүүлэх асуудлыг төр, захиргааны тухайн үеийн бодлого, ард түмний аж амьдрал, нийгэм ахуй соёлын онцлогтой уялдуулан явуулахыг гол зорилтоо болгосон юм.

1931 оны Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор олон ястны өлгий болсон Ховд аймгийг байгуулсан нь боловсролын байгууллага дэлгэрч дэвшихийн эхлэл болсон гэж үзэж болно.

1.1.1.   ХОВД АЙМАГТ СУРГУУЛЬ ҮҮСЭЖ ХӨГЖСӨН ТҮҮХЭЭС

Ховд хотод 1923 оны 9 дүгээр сарын 27-нд дөрвөн эсгий гэртэй, 2 багштай, 25 хүүхэдтэй бага сургууль нээгджээ. Энэ сургуулийн дарга сургагчаар нь А.Жадамбаа, Мягмар, сургагч багшаар Лаашид, цоохор Лхагважав, Жамбалбавуу нар ажиллаж байсан ба ууган сурагчид нь хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борын Цэвэгжав, ахмад багш Даваагийн Рагчаа, хожим нь Ховд аймгийн шүүхийн дарга байсан Дүгэрийн Нямдаваа нарын хүмүүс байжээ. Тус бага сургуулийн сурагчид нь 10-16 насны эрэгтэй, ядуу ардын хүүхдүүд байв. Хөдөө орон нутагт байгуулагдсан анхны энэ сургууль нэг өдөрт 5 цагаар хичээллэдэг байсан бөгөөд анх цагаан толгой, монгол бичиг, унших бичих, цээжлүүлэх, тоо бодлого, биеийн тамирыг сайжруулах хичээлийг өглөөний 9 цагаас 15 цаг хүртэл ордог байсан байна. Баруун хязгаар нутагт байгуулагдсан Ховд хотын энэхүү анхны бага сургуулийн бүх зардал хэрэглэгдэхүүнийг улсаас хангаж 1924 онд 362 лан буюу 5278 төгрөг олгож байв.

1925 оны хавар “Чандмань уулын аймаг”-ийн яамны бага сургуулийг Улаангомд байгуулж уг сургууль нь 1927 оны намар Ховд голд “Улаан харгана” гэдэг газар бууж, 1928 оны хавар одоогийн Ховд аймгийн төвд нүүдэллэн суурьшиж хэдэн эсгий гэрт, 50 сурагч, 2 багштайгаар хичээлээ эхэлж, уйгаржин бичиг, тоо бодлогын дөрвөн арга, байгаль дэлхийн байдлын хичээл зааж сурагчдад бага сургуулийн боловсрол олгож эхэлсэн байна. Тэр үед Ховд хотын бага сургууль тусгай байсан ба Ховд аймгийн бага сургуульд суралцаж байсан сурагчдын дотор Ю.Цэдэнбал (Монгол улсын маршал, Хөдөлмөрийн баатар, нам улс төрийн зүтгэлтэн), З.Цагаанхичиг (Монгол улсын гавьяат багш), Г.Баатаржав (Ховд аймгийн пионерын товчооны анхны дарга), Дорж (Ховд аймгийн нисэх буудлын жолооч) нарын 20 гаруй хүн тус сургуулийг 1929 онд дүүргэж цаашдаа арван жилийн боловсрол эзэмшиж төгссөн ууган сурагчид байлаа.

1930 онд хоёр бага сургууль нэгдэж бэлтгэл дунд сургууь болж улмаар 1936 онд 7 жилийн сургууль болон өргөжжээ.

1924-1928 онд Ховд аймгийн Цэцэг, Мянгад, Манхан, Дарви, Буянт, Булган, Цэнгэлхайрхан сумдад хошуу тамгын буюу танхимын сургуулиуд ард олны дэмжлэг туслалцаатайгаар бий болж байсан баримт байдаг.

Сургуулийн анхны жилүүдэд сургалтын материаллаг бааз, сургалтын тоног төхөөрөмж байгаагүйгээс хичээлийн танхим, суух байр, гал зуух болгож хэд хэдэн гэр бэлтгэн, хүүхдүүд гэрт цомцойн сууж, өвдөг дээрээ бичгийн мод, түүний дээр цаасаа тавьж бичдэг байсан байна. Үзэх ном, сурах бичиг байхгүй тул багш нь хүүхэд бүрт цагаан толгой, тоо бичиж өгч нүдлүүлэн хошуу тамгын газрын ирсэн, явуулсан бичгийн хуулбар, данс зэргийг өгч уншуулдаг байжээ.

            1926 оны үеэс “Оюун түлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу”, “Мандах нарны туяа”, “Эхлэн сурах хөвгүүд охидыг удирдан сургах хичээлийн бичиг” зэрэг ном гарч эхэлсэн боловч тэр нь хязгаар хөдөө нутгийн хүүхэд, эцэг эх, багш нарт олдохуйяа бэрх байсныг үгүйсгэх аргагүй юм.

Сургууль байгуулагдаж байсан жилүүдэд сургуулийн ач холбогдлыг тэр бүр ойлгодоггүй, хүүхдээ сайн дураар сургуульд өгөхийг хүсдэг хүн бараг байхгүйгээс хүүхдийг албаар сургуульд дайчлан элсүүлэхийн хамт сургуулийн ач тусыг олны өмнө бодитойгоор илрүүлэн үзүүлэх, ухуулан таниулах ажлыг хүчтэй зохион байгуулах шаардлагууд үе үе гардаг байжээ. 1928-1931 оны үед Булганмандал, Бүрэнхайрхан /одоогийн Булган сум/ сумдаас хэсэг бүлэг өрх хил даван нүүснээс сургууль тарж, 1932 онд хил давсан айл өрхийг эргүүлэн авч 1932 оноос Булганмандал сургуулийг дахин байгуулж байжээ.

1931 оны 12 дугаар сард аймгийн “Сурган гэгээрүүлэх хэлтэс”-ээс гэгээрүүлэх яаманд илтгэсэн илтгэлд: Энэ жил 13 сургуультай 500 сурагчтай, галчгүй, багш нар цалингаасаа өгч галч ажиллуулж байгааг дурдаад, 15 сургуультай байхаас Булганмандал, Мөнххайрханы ардууд хил давж явсан учир хүүхэд нь эцэг эхээ дагаж явснаас хоёр сургууль дутагдсан гэжээ.

1920-1930-аад оны үеийн улсын бага сургуулиудад тооцогдож байсан манай аймгийн иргэний анхны 19 сургууль тус аймгийн ерөнхий боловсролын сургууль үүсэн хөгжих эх үүсвэр болсон юм.

Тэр үеийн Ховд нутагт хичээллэж байсан иргэний анхны сургуулиудыг жагсаан үзүүлбэл:

            Сургуулийн нэр сумдаар                                     өвлийн Багшийн тоо

  1. Мянгад сумын бага сургууль                                өвлийн             4
  2. Манхан сумын бага сургууль                               өвлийн             4
  3. Булган сумын бага сургууль                                өвлийн             4
  4. Дарви сумын бага сургууль                                 өвлийн             4
  5. Жаргалант сумын бага сургууль                           өвлийн             2
  6. Чандмань сумын бага сургууль                            өвлийн             2
  7. Алтай сумын бага сургууль                                 өвлийн             2
  8. Үенч сумын бага сургууль                                   өвлийн             2
  9. Эрдэнэбүрэн сумын бага сургууль            өвлийн             2
  10. Зэрэг сумын бага сургууль                                  өвлийн             2
  11. Мөнххайрхан сумын бага сургууль                        өвлийн             2
  12. Цэнгэл сумын бага сургууль                                өвлийн             2
  13. Улаан Хус сумын бага сургууль                           өвлийн             2
  14. Алтанцөгц сумын бага сургууль                өвлийн             2
  15. Дэлүүн сумын бага сургууль                                өвлийн             2
  16. Толбо сумын бага сургууль                                  өвлийн             2
  17. Цагаан гол сумын бага сургууль                           өвлийн             2
  18. Баян-Нуур сумын бага сургууль               өвлийн             2
  19. Цэцэг сумын бага сургууль                                  өвлийн             2

Ардын сургуулийн ажил үзэгдэхүйц дээшилж, сүм хийдийн сургалтаас давуу болохоо амьдралаар нотлох тусам ард олон үр хүүхдээ сайн дураараа сургах, сургуулийн ажилд бүхий л талын тусламж, дэмжлэг үзүүлэх нь эрс нэмэгдэж сургууль ардын холбоо улам нягтран сайжрав.

1930-аад онд Ховд хотын сургуулиуд үйлдвэр аж ахуйн газруудтай шефийн холбоо тогтоож, албан хаагчид ардуудаас үр хүүхдээ хувцас хунар, түлш хүнсээр хангах нь үлэмж нэмэгдэж, ахлах ангийн сурагчид иргэд ажилчдад бичиг үсгийн хичээл зааж байжээ. Бас эцэг эхийн хороод байгуулагдан ажиллах болсон.

1932 онд сургууль бүхэн сургалтын төлөвлөгөө програмтай болжээ. 1937 онд 7 бага сургуульд 350, 1 дунд сургуульд 75, 1939 онд 9 бага сургуульд 632 сурагч байсны дээр 1937 онд сайн дурын 8 сургуульд 160, 1939 онд сайн дурын 14 сургуульд 280 сурагч суралцах болж төсөв зардлыг ардуудаас сайн дурын үндсэн дээр гаргуулахад 52245 төгрөгийн мал, төгрөг, эд хогшлыг ирүүлсэн байна. Сайн дурын сургуулиуд тус бүр 5-7 гэртэй болж орон байраар хангагдсан байна.

1940 оноос сургуулийн насны бүх хүүхдийг сургуулиар хүмүүжүүлж бага сургуулийн боловсролтой болгох зорилт тавигдаж эхэлсэн байна. 1940-1941 оны хичээлийн жилд Ховд аймагт 9 бага сургуульд 598 сурагчид, 1 дунд сургуульд 208 сурагчид суралцаж байсан бол 1947-1948 оны хичээлийн жилд 13 бага сургууль 1367 сурагчтай, 2 дунд сургууль 728 сурагчтай болж нэмэгджээ. 1940 онд Ховд хотын дунд сургуульд 208 сурагч байсан бол 1946 онд 510 сурагчтай болжээ.

1948-1952 онуудад аймгийн сургуулиудын тоо 66.6 хувиар, сурагчид 87.6 хувиар нэмэгдэж сурагчдын жил бүрийн элсэлт, төгсөлтийн төлөвлөгөөг 104-184 хувиар биелүүлж, 1952 оныг 1947 онтой харьцуулахад нийт багш нарын тоо 191 хувиар өсөж, дээд мэргэжлийн багш 1947 онд байгаагүй бол 1952 онд арван багштай болжээ.

      Ховд хотын 7 жилийн сургууль 1946 онд 10 жилийн сургууль болон
өргөжиж 1949-1958 онд 400 сурагчдыг төгсгөн гаргажээ. 1949 онд байгуулагдсан бага сургууль 1953 онд 7 жилийн сургууль болон өргөжив.

            1946 оноос эхлэн сургуулийн насны бүх хүүхдийг хөдөөд анхан шатны, аймгийн төвд бүрэн бус дунд боловсролтой болгох талаар дэвшүүлсэн зорилт тус аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжжээ.

1944 онд Булган, 1952 онд Зэрэг сумын, 1953 онд Ховд хотын 7 жилийн сургууль байгуулагдаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос 1949 онд “Ховд хотын дунд сургуулийн хичээл хүмүүжлийн ажил байдлын тухай” гаргасан тогтоол нь тус сургуулийн түүхэнд тохиолдсон нэгэн томоохон тэмдэглэлт үйл явдал болсон юм.

1955 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан “Сургуулийн насны хүүхдийг заавал анхан шатны боловсролтой болгох тухай” тогтоол, 1958 оны 6 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ”Аймгийн төв, хотуудын сургуулийн насны хүүхдийг заавал 7 жилийн боловсролтой болгох тухай” тогтоол гаргасан нь хөдөө орон нутагт амжилттай хэрэгжиж эхэлснээр ерөнхий боловсролын сургуулийн 5-7 дугаар ангид суралцагсад 1940 онд 218, 1960 онд 1629 болсон байв.

1949 оны эцэст аймгийн 21 ерөнхий боловсролын сургуульд 4987 сурагч суралцаж, 113 багш багшилж байсан бол арван жилийн дараа буюу 1959 онд 22 сургуультай болж, түүнд 5822 сурагчид суралцаж, 202 багш ажиллаж, сурлагын амжилт нь 93.0 хувьтай байжээ.

1960-1961 оны хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын 21 сургуульд 6405 сурагч суралцаж байсан нь 1950 оныхтой харьцуулахад суралцагчдын тоо 3.8 дахин нэмэгдсэн бөгөөд 5-7 дугаар ангид суралцагсад 1960 онд 1629, 1970 онд 4128, 1980 онд 6766, 1990 онд 3610 болж 1960 оныхоос 4.5 дахин өсч, 8-10 дугаар ангид суралцагчид 1947 онд 53, 1960 онд 379, 1970 онд 1252, 1980 онд 2968, 1990 онд 2426 болж, 1960 оныхоос 6.9 дахин нэмэгдсэн байна.

1961 онд “Сургууль амьдралын холбоог бэхжүүлж ардын боловсролыг цаашид хөгжүүлэх тухай” БНМАУ-ын хууль гарч, 1961-1962 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын 7, 10 жилийн дунд сургуулийг ерөнхий боловсрол, хөдөлмөр политехникийг 8, 11 жилийн сургууль байгуулах шийдвэр гарч хэрэгжих шатандаа материаллаг нөхцөл бололцоо бүрдээгүй зэрэг шалтгаанаас үүдэн хөдөлмөр политехникийн 11 жилийн сургалттай сургуулийг 10 жилийн сургууль болгон бүтцийг өөрчлөн 1971-1972 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн бага сургууль, бүх нийтийг хамран сургах 8 жилийн бүрэн бус дунд сургууль, 10 жилийн бүрэн дунд сургууль гэсэн шинэ бүтэц тогтолцоонд шилжсэн юм. ЕБС-ийн шинэ бүтцэд тохируулан сургалтын төлөвлөгөө, бүх төрлийн хичээлийн хөтөлбөрийг дахин боловсруулж сурах бичгийг өөрчилжээ.

1970-аад он бол Монгол орны боловсрол, соёлын түүхэнд тодорхой ул мөрөө үлдээсэн он жилүүд байлаа. Энэ үед сургалтын шинэ тогтолцоонд шилжих тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарснаар сургалтын системийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн боловсруулах болон багш бэлтгэх ажлыг эрчимжүүлж, хөдөөгийн бага сургуулиудыг үе шаттайгаар өргөтгөн 8 жилийн сургууль болгох зорилтыг боловсролын байгууллагын өмнө дэвшүүлэн тавьсан юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэхээр тухайн үед нам засгаас олон арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээний нэг хэсэг нь сургуулийн насны бүх хүүхдийг бүрэн хамруулах, суралцагчдын тоо нэмэгдсэн зэргээс хамааран социалист орнуудын жишгээр 7 жилийн сургуулиудыг өргөтгөн 8 жилийн сургууль болгон өөрчилснөөс гадна ерөнхий боловсролын бага сургуулиудыг өргөтгөн бүх сумуудад 8 жилийн сургууль байгуулах, бүх нийтийг бүрэн бус дунд боловсролтой болгох, хөдөлмөрчдийн боловсролын түвшинг дээшлүүлэх орой, эчнээ, улирлын, түр сургуулиудыг олноор байгуулсан нь боловсролын системийн нэгэн түүхэн цаг үе байлаа.

1967-1968 оны хичээлийн жилд 30 багш, 9 ажилчин, 741 сурагч, 22 бүлэгтэйгээр 8 жилийн сургууль байгуулагдсан нь өнөөгийн “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн үндэс болсон юм.

Энэ үед Ховд хотод 8 жилийн II сургуулийг Ховд хотын бага сургуулиас I-IV ангийн, төвийн 10 жилийн /одоогийн 12 жилийн 1 дүгээр сургууль/ сургуулиас V-VIII ангийн зарим бүлгийг тус тус шилжүүлэн авч байгуулсан нь одоогийн 12 жилийн 2 дугаар сургуулийн суурь болсон.

1980-1981 оны хичээлийн жилд аймгийн 22 ерөнхий боловсролын сургуульд 15805 сурагч суралцаж, 566 багш ажиллаж байв. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн өсөлт 1980-1990 онд 100 хувь, суралцагсдын өсөлт 1985-1990 онд 118.2 хувь, багш нарын өсөлт мөн онд 104.8 хувиар тус тус өссөн байна.

1987 оны 2 дугаар сард явагдсан Ардын Боловсролын Яамны шалгалтаар 14 сургуулийн 6162 сурагчдаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авахад онц 5963, сайн 1738, дунд 2253, муу 1578 шалгагдаж, сурлагын ерөнхий амжилт 74.4, чанар нь 37.8 хувь гарсан нь бусад аймагт хийсэн шалгалтын дүнгээс дээгүүр үзүүлэлттэй шалгагдсан байна.

1983-1989 оны хооронд аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд орон тооны номын санчтай болж, 80.3 хувь нь уншлагын танхимтай, номын сангийн ажлыг зохих хэмжээнд авч явах боловсон хүчинтэй болсон юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 287 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ардын Боловсролын Яамны сайдын 6 удаагийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын хэлтсийн даргын 1991 оны 3 дугаар сарын 38 дугаар тушаал гарч бүх нийтийг монгол бичигт сургах зорилгоор Ховд аймгийн бүх бага ангийн багш нарт 21 хоногийн дамжаа зохион байгуулж, шалгалтын комиссын даргаар АБЯ-ны төлөөлөгч Б.Бүндэн ирж ажиллан 120 гаруй багшид үнэмлэх олгосон байна.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оноос монгол орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэл явагдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийн байгуулалд шилжиж, боловсролын салбарт төвлөрлийг сааруулах, бүтцийн өөрчлөлт, удирдлага зохион байгуулалт, боловсролын агуулга, сургалтын арга технологид өөрчлөлт шинэчлэл хийгдэж эхэлсэн. Ийнхүү өөрчлөлт шинэчлэл хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал тэргүүн зэрэгт тавигдаж байжээ. Боловсролыг хөгжүүлэх үзэл баримтлалд ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 6+2+2 болгож, 1990-1991 оноос 7 настай хүүхдийг бага ангид элсүүлэн сургах бэлтгэл хангагдан сургуулийн I ангиас монгол бичиг заах, V ангиас орос, англи хэлийг сонгон судлах асуудлыг тусган биеийн тамир, эрүүл мэндийн хичээл оруулж байсан байна.

Хөдөлмөрийн багш дутагдалтай байгааг үндэслэн ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөрийн багшийн мэргэжил олгох 45 хоногийн төлбөртэй курсыг “Боловсролын хэлтэс”, “Судалгаа арга зүйн төв”-өөс “Сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг түшиглэн зохион байгуулж явуулах тухай Боловсролын хэлтсийн даргын 1992 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 51 дүгээр тушаал гарч тус курсээр 30 гаруй багшийг бэлтгэн төгсгөжээ.

1995 оны бага дунд боловсролын хуулиар ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 4+4+2 байхаар тогтоож олон улсын жишигт ойртуулан хүүхдийг 6-7 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсүүлж эхэлсэн байна.

1930-аад оноос эхлэн Ховд хотын сургуулиудыг нийтийн байртай болгосон нь хөдөөгийн малчин ард олны үр хүүхдийг сургахад бүх талын боломжийг олгосон байна. Энэ үеийн дотуур байр нь их төлөв гэрт байрлаж байлаа. Дотуур байранд хэрэглэх түлээ түлш, хоол хүнсийг сурагчдын эцэг эхээс гаргуулан авдаг байв.

1960 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан “Ерөнхий боловсролын сургуулийн нийтийн байрны хүүхдийн материаллаг хангамжийн тухай” тогтоолоор нийтийн байранд хүүхдээ суулгадаг нэгдлийн гишүүд, ажилчин, албан хаагчдыг хүүхдийнхээ хоолонд зориулан мах, мөнгө нийлүүлдэг үүргээс бүрэн чөлөөлж, нийтийн байранд суух сурагчдын бүх зардлыг улсаас хангаж байх болжээ.

1950 оны эхэн үеийн багш, Чандмань сумын 8 жилийн сургуулийн хөдөлмөрийн багш О.Цэдэн-Иш дурсамждаа: “Байрны хүүхдийн хоолны махыг эцэг эхчүүдээс нь авдаг байсан тул явж гэрээ хийнэ. Түлшийг ардуудаар гэрээгээр бэлтгэж байсан учраас түлшээр тасрах явдал байнга гарна. Тэгэхэд өөрсдөө явж түлш түүж бэлтгэнэ. Хүүхэд өвчилбөл бүр хүнд… Холоос дуудлагад авч явсан бол 2-3 хоноод ирнэ. Энэ үед сурагчдаас өвдвөл бид их сандардаг байлаа. Зарим үед гахай хавдар, гэдэсний өвчин, шар өвчин үе үе гарч нийт хүүхдэд халдварлан сандрах тул ийм үед багш нар сургуулиас холдож чадахгүй гэртээ ч харилгүй хэд хоног ч сургууль дээрээ ажиллаж, жижүүр хийж, өдөр шөнөгүй нойргүй хонох явдал гарч байлаа” гэжээ.

1959 онд 776, 1969 онд 2287, 1979 онд 4143, 1989 онд 5000, 1990 онд 1280, 2000 онд 688, 2005 онд 1787, 2010 онд 2295, 2015 онд 1989  хүүхэд дотуур байранд байжээ.