Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершипийн боловсрол олгох төслийн хүрээнд Ховд аймгийн Алтай, Үенч, Манхан, Мөст, Зэрэг, Булган сумдын ерөнхий боловсролын сургууль болон “Хөгжил” политехникийн коллежийн төлөөлөл 80 сурагчдын дунд “Энтерпренер лидерс” манлайллын сургалтыг 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд “Баянбулаг” хүүхдийн зусланд 3 өдөр амжилттай зохион байгуулан явууллаа.
Сургалтын нээлтэд Засаг дарга Э.Болормаа, Хүүхдийг ивээх сангийн төслийн менежер Ё.Нямдаваа, төслийн орон нутаг дахь зохицуулагч, ажилтнууд, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Д.Батнасан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Баяртуяа болон мэргэжилтнүүд, Залуучуудын холбооны төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр Аймгийн Засаг дарга оролцогч хүүхдүүдэд шинэ зууны ур чадвар ямар чухал болохыг онцлоод өөрийгөө ялан дийлэх, хэрхэн зорилгодоо хүрэх талаар өөрийнхөө амжилт түүхээс сэдэвлэн сонирхолтой яриа өрнүүлсэн нь сурагчдын хүсэл тэмүүллийг өдөөсөн чин сэтгэлийн ярилцлага уулзалт болсон.
“Энтрепренер лидерс” сургалтад нийт 178 суралцагч хамрагдах хүсэлтээ илэрхийлснээс эссэ бичлэгт тулгуурлан 80 суралцагчийг шалгаруулж сурагчдад өөрийгөө хөгжүүлж, манлайллын ур чадвар, илтгэх ур чадвар, оролцоо болон багаар ажиллах ур чадварыг нь ахиулахаар Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Ж.Тунгалаг, Ц.Гантуяа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Хишигтогтох, ХИС-ийн бизнес коүч Б.Золжаргал, Залуучуудын холбооны тэргүүн төслийн ментор шүүгч Г.Энхцоож нар 5 багт хуваан өртөөчилсөн хэлбэрээр сургалтыг сургагч багш нар зохион байгуулан явууллаа.
Сурагчид 3 өдрийн туршид бие биенээсээ суралцсан төслийг тогтвортойгоор клубийн үйл ажиллагаагаар дэмжин ажиллах сурагчдын оролцоог нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.
Хамтран ажилласан Залуучуудын холбоо, ГБХЗХГ хамт олон, төсөв санхүү, арга зүй удирдлагаар ханган ажилласан Японы Хүүхдийг Ивээх сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхдийн төлөөх сайн үйл бүхэн түгэн дэлгэрэх болтугай.