Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн багш мэргэжлийн сонгон бүлэгт суралцаж, амжилттай төгсөгчийг багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.
Багшийг зөвхөн Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ.
Багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутан цэцэрлэг, сургуулийн багшийн сул орон тоон дээр дагалдан багшаар ажиллах боломжтой.
Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлнэ.
Багшаас бусад мэргэжилтэй бол багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно.
Багш нь Боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад чиг үүргийг гүйцэтгэхгүй.
Бие даасан нэгжтэй багшийн хөгжлийн төв нь багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн үндэсний, бүсчилсэн, байгууллагад суурилсан сургалт, үйл ажиллагаагаар мэргэжлийн хувьд хөгжинө.
Багш 3 жил тутамд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд хамрагдана.
Орон нутгийн захиалгаар эсвэл өөрөө хүсэлтээрээ хөдөө орон нутагт гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.
Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын багш эхний 5 дахь жил болон дараагийн 3 дахь жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авна.
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.